admin Нийтэлсэн: admin

Клиник дээрээ сүүлийн 2 жил сонсож байсан хамгийн сэтгэл хөдөлгөм, уярмаар яриаг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

2 сартай хөөрхөн хүүгээ үзүүлэхээр залуу, дөлгөөхөн ээж анх удаагаа ирсэн юм.

– Хүүхдийг нь хэн гэдэг вэ?

– Зориг


– Өө сайхан нэр. Миний том хүүг Зориг гэдэг. 2 хүүтэй минь ижилхэн нэртэй хүүхдийг үзэхэд нэдад их сайхан байдаг.

– Би таньд хүүгээ яагаад Зориг гэж нэрлснээ яръя. Нөхөр бид 2 залуу, эрүүл хүмүүс. Хүү маань бидний хүсэн хүлээсэн анхны хүүхэд. Жирэмсэн байхдаа хэд хэдэн хүний сайн гэж зөвлөснөөр нэгэн эхогийн эмч (нэрийг нь энд нууцлав) дээр очиж үзүүлдэг байлаа. Жирэмсний 28 долоо хоногтойдоо очиж үзүүлтэл эмч “Энэ хүүхэд хромосомын гажигтай – Дауны өвчинтэй буюу олон янзын төрөлхийн гажигтай байна. Төрүүлэх хэрэггүй, жирэмслэлтээ таслах хэрэгтэй” гэж хэлсэн. Надад үүнийг сонсох маш хэцүү байлаа. Олон хоног уйлж сэтгэлээр унасан. Шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байсан. Бид гэр бүлээрээ удтал ярилцсан. Тэгээд эцэст нь хүүгээ тээж төрүүлэхээр шийдсэн. Бид залуу эрүүл хүмүүс, миний биеийн байдал маш сайн байна, бидэнд хромосомын өвчний удам байхгүй гэж шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад надаас маш их зориг шаардсан учир бид хүүдээ Зориг гэж нэр хайрласан. Төрснөөс нь хойш хэд хэдэн удаа эмчид үзүүлсэн хүүг маань эрүүл саруул гэж эмч хэлж байгаа. Таньд үзүүлж Дауны өвчин, элдэв гажиг бий эсэхийг шалгуулахаар ирлээ.

Тэр үнэхээр хөөрхөн, эрүүл хүү байсан. Ээж нь манай клиникээс баяр хөөр дүүрэн гарахыг харах надад бас аз жаргал байлаа.

Анхны хүүхдээ үзүүлдэг сайхан гэр бүл 2 дахь хүүхдээ төрүүлжээ. Тэд 4-үүлээ багыгаа үзүүлэхээр ирэв.
– Баяр хүргэе. Ямар хөөрхөн дүүтэй болоо вэ.

– Жирэмслэлт, төрөлт хэвийн явагдаж эрүүл сайхан хүүхэдтэй болоод аз жаргал дүүрэн байна аа. Бид 4 таньд баярласнаа хэлэх гэж л ирлээ. Улаан бурхан өвчний дэгдэлт гарч төрөх насны хүмүүсийг вакцинд хамруулсан. Өрхийн эмч, сувилагч маань жирэмсэн бол энэ вакциныг хийлгэж болохгүй гэдгийг анхааруулж байсан. Би вакцин хийлгэсний дараа жирэмсэн гэдгээ мэдсэн. Өрхийн эмч, сувилагч, эмэгтэйчүүдийн эмч намайг жирэмсэн байхдаа улаан бурханы вакцин хийлгэсэн болохоор заавал аборт хийлгэ гэсэн. Би хүүхдээ тээж төрүүлэхийг маш их хүсч байсан. Иймд таньд хандсан. Та надад хамгийн орчин үеийн өндөр нотолгоотой зөвлөгөө өгч, унших линкууд явуулж би аюулгүй гэдгийг мэдсэн тул санаа амар хүүхдээ тээж төрүүлсэн. Одоо ийм сайхан хүүхэдтэй болчихоод тань дээр ирж байна даа.
14 хоногтой хүүгээ үзүүлэхээр нэг сайхан инээмсэглэсэн ээж анх удаагаа ирэв.

Эмч ээ, энэ миний 2 дахь хүүхэд. Би 30 гарч байж том охиноо төрүүлсэн юм. Тэр маань төрөлтийн хүндрэлээс болж тархины саажилттай, хэвтэрт байдаг, одоо 5 настай. Тийм болохоор би ажил хийх боломжгүй, байнга охиноо л асардаг. Нөхөр маань их сайн хүн, надад маш их тусалдаг. Тийм хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй байх маш хэцүү гэдгийг олон жил хүүхдийн эмч хийсэн хүний хувьд та сайн мэдэх байх аа. Сүүлийн үед би гутарч, уур уцаартай болж нөхөртэйгээ багахан асуудлаас болж муудалцах болсон. Ийм байдлаар удаан амьдарч болохгүйг нөхөр бид 2 ойлгож ярилцаад гэр бүлийнхээ сайн сайхан амьдралын төлөө дахин хүүхэдтэй болох хэрэгтэй гэж шийдсэн. Гэхдээ өөрсдөө тээж төрүүлэхээс үнэхээр айсан. Иймд хүүхэд үрчилж авахаар шийдсэн юм. Энэ хөөрхөн хүүг үрчилж аваад яг 10 хонож байна. Энэ 10-хан хоногт бид 3 маш аз жаргалтай байна. Амьдралыг шал өөрөөр харах боллоо. Дүүг нь салхилуулахаар аваад гарахад охин маань гэртээ уйлалгүй үлддэг. Амьдал ийм сайхан гэдгийг 2 хүүхэдтэй болоод л мэдэрч байна. Хүүгээ зөвхөн төрөхийн нярай эмчид үзүүлээд л авсан. Одоо таньд үзүүлж зөвлөгөө авахаар ирлээ.

Миний байнгын үйлчлүүлэгч залуу, эрч хүчтэй аав охиноо хэдхэн хоногтойгоос нь үзүүлж байгаа юм. Охиныг 8 сартай байхад нь ээж нь өвчний улмаас гэнэт нас барж хөхнөөсөө ч гараагүй байсан дэндүү бяцхан охин аавтайгаа өнчирсөн билээ. Одоо тэр хөөрхөн охин эрүүл саруул өсч ой өнгөрч байгаа. Саяхан аав нь ирж үзүүлэхдээ
– Навчаа эмч ээ, миний амьдралын хамгийн гол зорилго бол хайртай эхнэрээсээ үлдсэн ганц охиноо юугаар ч дутаахгүй, бүрэн бүтэн өсгөх юм аа. Эхийн хайрыг юугаар орлуулж болов вэ? Та надад зөвлөгөө өгөөч.
– Ээ дүү минь, энэ ертөнц дээр эхийн хайрыг орлох юм гэж байдаггүй юм шүү дээ.

Надад ийм хариулт хэлээд тэр аавын царайг харах ямар хэцүү байсныг та бүхэн төсөөлөх ч үгүй ээ.

Хааяахан ирж хүүгээ үзүүлдэг түвшин сайхан гэр бүл бий. Хүү нь 8 сартай болжээ. Үзүүлж эмчилгээ бичүүлж аваад ээж нь

– Эмчээ, хүүгээ хөхнөөс нь яаж гаргах вэ?

– 8 сартай хөхнөөс гаргана гэдэг чинь дэндүү эрт байна. 2 нас хүртэл нь хөхүүлбэл сайнсан.

– Би жирэмсэн болсноо саяхан мэдлээ. Одоо 3 сартай. Хяналтанд орохоор очсон чинь эмч одоо хүүхдээ хөхүүлж болохгүй гэсэн. Тэгэхээс биш би ч хүүгээ хөхүүлмээр л байна.

– Тэгээд бие чинь сайн байгаа юу? Ойрхон жирэмслэлт, төрөлт ч хэцүү дээ.

– Харин тийм ээ. Би 32 настай, харин нөхөр маань 33-тай. Бид 2-3 хүүхэдтэй болно гэж боддог. Гэхдээ ийм ойрхон төрүүлнэ гэж ч төвөвлөөгүй л байсан гэхэд нөхөр нь:
– Эхнэрээ жирэмсэн болсныг мэдээд бид 2 бие бие рүүгээ харж нэг шоконд ороод, хүү рүүгээ харж нэг шоконд ороод. Одоо тэгээд яахав. Ямар нэгийг нь бодож нөгөөг нь үгүй хийлтэй нь биш. Бид 3-т амаргүй байх болно гэдгийг мэдэж байгаа ч тээж төрүүлнэ ээ.

Бид 3 баахан хөхрөлдөв. Тэгээд би:

– Тэгэлгүй яах вэ. Хэрвээ ээжийн нь бие сайн, жирэмслэлт хэвийн байвал төрөн төртлөө хүүгээ хөхүүлж болно шүү дээ. Төрснийхээ дараа ч сүүний гарц сайн бол 2 хүүхдээ яг л ихэр хүүхдүүд шиг зэрэг хөхүүлж болно

– Өө тийм үү, ашгүй дээ. Би их сайн сүүтэй. Хүүгээ тэгвэл хөхүүлж л байя

Харин 2 жилийн өмнөх энэ өдөр бичиж байсан постыг уншихыг хүсвэл доорх линкээр ороорой:

https://www.facebook.com/navchaa.tovuu/posts/1045985708802341

error: Content is protected !!