admin Нийтэлсэн: admin

Хань минь чамдаа хэлье, зүрх сэтгэлээ чөлөөлж, итгэлээрээ хурцалж хэлье. Үр, та хоёрынхоо төлөө зөнгөө дагаж, сэтгэлээ зөөллөж, хорвоогийн үнэнд захирагдаж амьдаръя.

Уураар биш ухаанаар шийдэх хатан тэвчээрт ямх ямхаар дөхье. Чамдаа би хэлье, тийм ээ, чи миний сэтгэлийн диваажин

Ханьдаа хэлмээр, сэтгэлээ онгойтол ярилцмаар үе гэж байх юм. Тэгсэн хэр нь яг хэлэх гэхээр үг эвлэж өгөхгүй цаанаа л нэг хачин. Сэтгэлд минь тулж унасан бул хар чулууг авч хаяад, чинийхээ инээмсэглэлд эрхлэн жаргамаар байна. Яг л ингэж хэлээд, зүрхэнд минь бугшсан үг бүхнийг юунаас ч айж ичилгүй гаргаж хэлмээр байна.

Тэр өдөр хань минь хамт ажиллагсдынхаа дунд спортын тэмцээн зохиохоор явсан юм. Харин үр бид хоёр гэрээ сахиад үлдлээ. Тэмцээн нь эрт тарна гэж тооцсон учраас өдөр нь гурвуулаа гадуур гарна гэж төлөвлөж байлаа. Өдөр тэмцээн нь дууссан гээд манай хүн гэртээ ирэв. Би ч хөөр болоод удахгүй гадагшаа гарах нь гэж бодож байтал орой 22 цагт медаль гардуулна гэсэн, хайр нь байр эзэлж шагнал авахаар болсон гэдэг байгаа.

Уг нь ханийнхаа өмнөөс баярлаж, сэтгэл хөдлөх байтал би гэдэг хүн яагаад ч юм, түүнийгээ орой явуулмааргүй санагдаад, яг одоо л гадагшаа гармаар сэтгэл хачин жигтэй хөдлөөд явчихав. Тэрхэн зуурт л тархинд минь ямар нэгэн юм нисэн орж ирэх шиг болоод уур бухимдал бас намайг өрдөв. Хоол цайгаа идэж дуусахтай зэрэгцээд хань минь гарах гэж бэлдэж байгаа нь харагдав. Миний бас л бухимдал төрсөн хэвээрээ байв.

“Ганц удаа хань чинь баярлаж хөөрч явахад хэрүүл уруулгүй асуудлаа шийдчих ухаан чамд алга уу” гэж хэн нэг нь чихэнд минь шивнэх шиг болсон ч би түүнийг тоосонгүй. Ханийгаа аяга угаасангүй, надад тусалсангүй гэсээр баахан гомдлын үг чулуудаад, яв, тэгээд жаргаж цэнгэ гэж хүртэл баалав. Хөөрхий, тэмцээнд оролцоод ялаад, байр шагнал авсныг нь ганц баяр хүргэж үнсээгүй байж гадуур гарч зугаалаагүйдээ аминчхан сэтгэлээр гомдсон би тийм л богинохон юм сэтгэсэн байгаа юм даа.

Тэгэхэд хань минь хаалга руу гунигтай алхаад, өнөөх баяр хөөрөөр дүүрэн байсан харц нь цаанаа л мохчихсон байсан. Харин би тэгэхэд л юу хийснээ ухаарах шиг болсон. Үр бид хоёрын төлөө өдөр бүр цаг завгүй ажиллаж, гэртээ хамгийн эрт харих гэж байдгаараа хичээдэг, бас авсан цалин мөнгө нь бидний л төлөө урсаад дуусч байхад би яаж ингэж хатуурхаж чадав аа гэж өөртөө гэмшсэн.

Тэр өдрөөс эхлээд өчигдөр хүртэл бидний харилцаа нэг л завсартай болчихсон юм шиг, наанаа инээж байгаа ч гомдол урсч гарч ирээд байгаа юм шиг. Хэчнээн дулаахан байгаа ч хаана нэгтэйгээс хүйтэн салхи сэвэлзэх шиг л байсан.
Эмэгтэй хүн гэдэг айхтар зөнтэй байдаг даа. Хажуу дэргэдээс хэн нэг нь надад хэлсэн тэрхүү “Хэрүүлгүйгээр асуудлаа шийдэх ухаан чамд алга уу” гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлсэн бол өдийд ханийнхаа халуун энгэрт гомдол цацаж, урмаар бялхсан сэтгэлийг нь хорон үгээр би шилбүүрдэхгүй л байсан байх даа.

Ингээд бодохоор зөн мэдрэмжээ сонсч байгаарай гэж Монголхатагтай нь найзууддаа захих гэсэн юм. Тэр хэзээ ч худлаа хэлдэггүй, түүний хэлсэн нь үнэнээс зөрнө гэж үгүй.
Би энэ хямралт байдлаа намжаах гэж нөхөртэйгөө ярилцсаан. Хэн хэн нь сэтгэлдээ гомдол тээгээд явна гэдэг бүтэхгүй зүйл шүү дээ.

Тэгээд ч нэгэн насаар ханилна гэж толгой холбочихоод үл ойлголцлоос болж хайраа үгүй хиймээргүй байсан. Ханьдаа хэчнээн хайртайгаа, түүнийхээ энгэрт тэврүүлэхдээ энэ хорвоогийн үнэн бүхнээс нуугдаж, сэтгэлийн жаргал эдэлдгээ би одоо улам бүр ухаарч байна. Тиймээс л ханьтайгаа нэгэн зүйлд тохирсон. Тэр бол “Уураа барих”. Үгүй юм байна аа, ерөөсөө л уур гэдэг үгийг үгсийн сангаасаа хасаж өөр байдлаар илэрхийлэх. Гэхдээ би ханьдаа амлалт өгч чадаагүй. Харин хичээнэ гэж тохирсон. Үүний хариуд хань минь бас намайг урмаар тэтгэж, хурцалж амьдаръя гэж бас тохирсон. Бид нэгэндээ амлалт өгөөгүй ээ. Амлалт гэдэг хоосон зүйл, харин түүнийг биелүүлнэ гэдэг хамгийн чухал.

Хань минь чамдаа хэлье, зүрх сэтгэлээ чөлөөлж, итгэлээрээ хурцалж хэлье. Үр, та хоёрынхоо төлөө зөнгөө дагаж, сэтгэлээ зөөллөж, хорвоогийн үнэнд захирагдаж амьдаръя. Уураар биш ухаанаар шийдэх хатан тэвчээрт ямх ямхаар дөхье. Чамдаа би хэлье, тийм ээ, чи миний сэтгэлийн диваажин.

error: Content is protected !!