admin Нийтэлсэн: admin

Ханьдаа зориулсан сэтгэлийн өчил
Монголын эгэл жирийн эрчүүдийн төлөөлөл болох нэгэн залуугийн эхнэртээ зориулж бичсэн сэтгэлийн үгсийг толилуулья.

Ханьдаа би халуун зүрхнээсээ илүү хайртай байж

Хацрынх нь хонхорхойд нулимс мэлмэртэл гомдоочих гээд байх юм

Үгэндээ инээмсэглэлтэй хань минь

Үнэн худлын хорвоод намайг л гэдэг…

Сайхан ханийнхаа тухай бичих гээд л

бодоод яваад байсан юм. Одоо ингээд эхэлж байна, анхаарлаа хандуулна уу.
Манай эхнэрийн төрсөн өдөр маргааш болох гэж байгаа юм. Хөөрхий минь надад хоёр хүү нэг охин төрүүлж өгсөн буянтан байгаа юм. Энэ насандаа юмнаас цочиж үзээгүй болов уу гэмээр налайсан амьтан бий.

Зам биш заяа тосож ханилсан хань минь дүрлэгэр алаг нүд, дүрсгүй хээгүй аальтай. Солих оймс, холих хоолгүй явахад минь 21 насандаа надтай учирсан юм. Өр, өвөр хоёр нь өөр хүнийх байгаагүй ээ, миний ханийн. Ганцхан минийх л байсан.

Найман жил ханилахдаа над руу сандаалнаас өөр юм шидээгүй.

Оройтоход харддаггүй, уухад уурладаггүй тэвчээртэй хүн. Алхаж байгааг нь, юм хийж байгааг нь камераар бичээд үзэхэд удаашруулсан юм шиг харагдаад байдаг юм. Зурагтны урдуур өнгөрөх хооронд цай дэвэрнэ дээ.

Анх би эхнэртээ яст мэлхийн дэр бэлэглэж билээ. Тэгэхэд “чи намайг удаан болохоор яст мэлхий бэлэглэлээ” гэсэн. Уг нь би урт наслаарай гэж бодож өгсөн юм. Тэр дэр одоо ч манайд бий.

Үерхэж байхдаа намар оройхон уулзахад хөл нь даараад байх шиг болохоор нь байгаа 500 төгрөгөөрөө оймс авч өгчихөөд хороолол руу алхаж байсан минь санаанаас гардаггүй юм.

Анхны хүүгээ оюутан байхдаа төрүүлсэн. Өлөн зэлмүүхэн, даарч хөрч, автобусанд чихэлдэж явж байж мэндэлсэн. 7 буудлын пиг хүнтэй автобус тосоод суулгаж өгөхөд гэдэс нь багтаж ядаад ороход өр эмтэрнэ. Хүүгээ гаргаад 7 хоноод хичээлдээ явсан. Намайг дагаж мөн ч их даарч, өлсөж, ядарч, амьдралын хүтүүг үзсэн. Даараад байна гэхээр нь “даарсан ч даараагүй юм шиг бай” гээд л би загнана. Одоо би ханиа дагаад мөр бүтэн гэдэс цатгалан байгаа.
Анх найрч байхдаа гучин насны төрсөн өдрөөр чинь машин бэлэглэнэ гэж дөвчигнөж байх үедээ цаг хугацааг ийм хурдан ирдэг гэдгийг даанч мэдээгүй байж дээ.

Манайхан манай хүнийг надаас илүү дээдэлнэ. Намайг зүгээр хойшоо байжээ, тэр бэр минь гэнэ шүү дээ.
Сайн хүн гэж хамт байхад сайхан хүнийг хэлдэг гэж сонсоод эхнэр минь нүдэнд харагдаж байлаа.

Ханилах гэдэг хайрыг давсан амьдрал юм уу. Хань минь миний мууг нууж, сайныг бусдад хэлдэг. Уул шиг хүлээцтэй, ус шиг намуухан байж чаддаг. Амьдралын олон чухал шийдвэрүүдийн гарцыг өөрөө олсон байж надаар хаягладаг. Сайн бүхнийхээ өмнө намайг барьж, муу бүхний сүүдрээс намайг нуудаг. Уурлахдаа үгээ нууж, баярлахдаа инээдээ дэлгэдэг.
Үнэтэй тансаглал, хээ хуар, худал хуурмаг дүр эсгэлтэнд дургүй эгэл даруухан хань минь намайг жаргаах гэж учирсан юм.
Хэд хоногийн өмнө би ханиа “чаавка, хөөе чаавка” гэж дуудсан юм. Чавганцаа гэсэн үг л дээ. “Тэгж дуудахдаа яадаг юм” гээд цорвойхоор нь “чамайгаа чавганц болтол чинь хамт байнаа гэж байна” гэж хэлсэн.
Хаврын тэнгэр мэт чавганц шиг бэрх зантай над шиг дөвчигнүүр амьтантай амьдрахад ханиас минь өөр хүнд таалагдахгүй байсан байх аа. Ханьтайгаа учирснаас хойшхи цаг хугацаа миний жаргалтай амьдралын эх байсан юм. Халуун зун хар эсгийнд бүтээлгэсэн мэт сэтгэлийн хүнд дарамттай хазгай гишгэж явахад өрхийг минь татаж гэгээ, гэрэл оруулсан хамгаас хайрт хань, насаараа дэргэд минь байх чамдаа мөргөмүү.

Чамдаа би эрхэлж амьдарч байна даа
Дээлний бага энгэрээс дотоод хормойд зүүгдэж төрсөн гурван алаг үрдээ сайртай өвдөг, сахалтай хошуугаа дэвсэж сөгдмүү.

Та нартаа би эрхэлж амьдарч байна даа.
Уулс бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа…

error: Content is protected !!