admin Нийтэлсэн: admin

Зориг, тэвчээр, хүч, хөлс, хөдөлмөрийн их талбараас нэгэн биенийхээ нөгөө талыг олж ханилсан хосууд манайд цөөнгүй бий. Тэгвэл тэдгээр их спортоос хувь заяагаа холбосон “хос багана”-уудыг онцлон хүргэе.

Жүдогийн титамийгаас төрсөн сайхан хосууд бол олимпийн хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд нар. Өнгөрсөн жил зодог тайлсан С.Ням-Очир гавьяат одоо эхнэрийнхээ дасгалжуулагчаар ажиллаж буй. Дашрмад сонирхуулахад хосуудын бяцхан хүү нь хэдийнэ жүдо акедимийн сурагч болсон гэдэг шүү.

Монгол улсын түүхэн дэхь анхны Хөдөлмөрийн баатар хосууд болох Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар мөн л их спортын талбараас хувь заяагаа холбосон. Өдгөө алдарт аав, ээжийн болзол хангаад буй хосууд маань булган сүүлтэй байж араасаа олон олон баатар хосуудыг төрүүлэх болтугай.

 

2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр МУГТ болсон Б.Мөнгөнчимэг мөн л бөхийн спортоос заяаны ханиа сонгосон. Түүний халамжит хань С.Очирбат өнгөрсөн зун Дархан Уул аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн билээ.

Гурван жилийн өмнөөс хөтлөлцөн гүйх болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, жүдо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар нар хэдийнэ хоёр талынхаа гэр бүлтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Түүнчлэн хосууд өнгөрсөн арван сард анхны хүүгээ өлгийдэн авсан юм.

Чөлөөтөөс төрсөн залуу хос ОУХМ Н.Лхамгармаа, МУГТ П.Орхон нар нэг багшийн шавь нар гэдэг. Нэгнийхээ бэлтгэл хангагч, бас сайн зөвлөгч байдаг хосууд сүүлийн үед хоёулаа дэвжээнээ босоо байгаа. Тиймээс тун удахгүй олимпоос хосоороо медаль зүүж ирэх өдөр ойрхон биз ээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хань М.Батбаатартайгаа З.Дүвчин багшийн удирдлага дор хамтран бэлтгэл хийх болсноор танилцсан гэдэг. Гавьяатыг эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад ханийнх нь ач тус их байсан аж. Тухайлбал хоёулаа бэлтгэл гээд явчихаар ар гэрийн ажил орхигдоно гээд чөлөөт бөхөөр УАШТ-нд хэд хэд түрүүлчихсэн бас ч үгүй аймгийн заан цолтой М.Батбаатар их спортоосоо татгалзаж хайртдаа боломж олгосон гэж байгаа. Хэрийн эр хүн тэр дундаа бөх хүнээс тийм зан чанар гарахгүй байх шүү.

 

Олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Х.Цогтгэрэл нар мөн л жүдогийн тетамийгаас төрсөн сайхан хосууд. Хайрт бүсгүйгээ олимпийн медаль хүртэх мөчид дэргэд нь байж захыг нь мушигаж суусан Х.Цогтгэрэл үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд аймгийн начин цолтой. Залуу хосуудыг ирэх зун хуримын зар дуулгана хэмээн ойрын их сурвалж өгүүлнэ лээ.

МУГТ, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, МУГТ Ц.Мөнхзаяа нарыг спортын үлгэр жишээ сайхан хосуудын нэг гэдгийг олон хүн мэдэх болов уу. Нэгэн цаг үед Монголын шилдэг жүдочдын нэг нь явсан Х.Болдбаатар зодог тайлан, Үндэсний шигшээ багийг дасгалжуулагч болсоноор тухайн үед шигшээ багийн тамирчин байсан ирээдүйн гэргийгээ олж харсан гэдэг. Олон насаар ах, өмнө нь амьдрал зохиож байсан багштайгаа гэр бүл болж, охин үр төрүүлж өгсөн Ц.Мөнхзаяа одоо ч нөхөртэйгээ багш шавийн барилдлагатай хэвээр байгаа.

Рио-2016 олимпийн наадамд усанд сэлэлтийн төрөлд оролцсон Б.Дөлгөөн, буудлага спортын ОУХМ О.Янжинлхам нар олимпийн дараахан буюу Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр хуримласан билээ. Төдийлэн олонд танигдаагүй даруухан хосууд салбартаа бол хэдийнэ “од” болчихсон хүмүүс. Сонирхуулахад хосууд хуримаа хийгээд удалгүй анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн.

Гэр бүлээрээ ялалт, ялагдалын гашууныг амсаж, хамтдаа шаналж, хамтдаа баярлаж их спортын төлөө бүхнээ зориулан зүтгэж яваа хосууд бол МУГТ Б.Сэр-Од түүний гэргий дасгалжуулагч О.Оюунтуяа нар. Хөнгөн атлетик, тэр тусмаа марафон гүйлтийн төрлөөр дэлхийн тавцанд Монголын нэрийг өргөж яваа Б.Сэр-Одын амжилт гэргийтэй нь салашгүй холбоотой. 2005 оноос хойш нөхрийгөө дасгалжуулж буй Оюунаа бүсгүй цагтаа манай улсын өмнөө барьдаг хөнгөн атлетикчдийн нэг явсан.

 

error: Content is protected !!