Нийтэлсэн: admin

Хонь

Сарын эхээр гадагшаа дотогшоо, ерөөсөө хаашаа ч хамаагүй галт тэрэг, онгоц, машин, мориор ажил хэрэг, амралт зугаалгаар аялбал аз хийморьтой юм болно. Аяллын аз хийморь ивээж буй ч өвлийн ид хүйтэнд уул хаданд явган, дугуйтай явах гэсний хэрэггүй. Дуудуулах нисдэг тэрэг, буудаж идэх туулай, дуулиан тарих албан тушаал үгүй бол Аагий ба түүний нөхдийг дууриах гээд хэрэггүй.

Найз нөхөд, түншүүдтэйгээ хагаралдах, эрх тэгш бус зан байдал илэрч мэдэх ч зөн билгээ сайтар дагаарай. Зөн билэг гэхээр зүүдэлсэн хүнтэйгээ хэрэлдээд унаж болохгүй шүү. Ажил дээрээ жаахан уян хатан, маневртай байхыг хичээгээрэй. Хамгийн сайхан сонсогдох зүйл бол долларын ханш чангарч буй ч ашиг орлого тань нэмэгдэнэ. Гэхдээ тэнгэр хангайдаа найдаад байх бус өөрөө санаж сэдэж, хийж бүтээхээ битгий мартаарай, хониныхоон. Хониныхон дүрсхийсэн ууртай хүмүүс. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ муудалцахгүйн тулд биеэ бариарай. Нэг сэвтвэл эргэж сайжрахад их хугацаа орно. Оюутолгойн гэрээг өөрчлөхөөс ч удаж мэднэ гэсэн үг. Бичиг цаасандаа ихээхэн нухацтай, дөрвөн үсэг Ь, Ъ, Щ, Ё-г гээж барилгүй бичиж айхтар сүрхий хандаарай, хө.

Үхэр

Ажилсаг бүтээлч зан чанараараа Та найз нөхөд, хамтран ажиллагсад, төрийн албаныхан бол дарга, сайдаасаа ч их очкоов авна. Шинэ жил болж буйг хэлэх үү, оны шилдэг ажилтан өргөмжлөл, батламж, өвлийн өвгөний бэлэг сэлт авах магадлал их байна. Хэт их ажилсаг зангаас чинь болж хэл ам дагаж мэднэ. Олон нийтийн газар, хүн амьтан ихээр цугласан газар, баар ресторанд нэг их очсоны хэрэггүй шүү. Сарын сүүлчээр шинэ жил дөхөх тусам ажил олширч, бүгдийг нь шудраад шийдчихнэ гэвэл алдаа болно. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр мөнгөний гарлага гарч мэднэ. Эрүүл мэнддээ анхаар, олон хүн дарвиж наадсан газар биш гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, чаргаар гулгавал зүгээр. Утаанаас амралтын өдөртөө зугтаж, уушгаа цэвэрлээрэй гэсэн үг.

Ихэр

Та асар их энергитэй байна. Бараг л хамаагүй гар баривал тог цохихоор, ай пад цэнэглэчихмээр тийм их батерейтэй байна. Гэхдээ бусдад битгий их шаардлага тавиарай, яагаад гэвэл бүгд танай ордынхон шиг энэ сард их энергитэй байхгүй. Архи, пиво, вино, виски, нэрмэл, конъяк, жийн, лекор алиныг нь ч битгий хэрэглээрэй. Гэрээ хэлэлцээр нэг их ивээлгүй, харин олныхоо дунд байхад тун нийцтэй. Таны хувьд ёолк сайхан болно. Харин хэлэх үг, хийх үйлдлээ сайтар бодоорой. Энэ сард үзэл бодлоосоо гуйвах магадлал их байна. Хайр сэтгэл, улс төрийн үзэл бодолдоо үнэнч байхгүй бол нэг гуйвчихвал тэр чигээрээ гуйваад байх цондонтойг анхаарна уу. Ирээдүйд орж ирэх их ашиг мөнгөний суурь үүсгэвэр энэ сард тавигдана гэж од эрхэс мессеж ирүүллээ. Хоол ундандаа хяналт их тавь. Ялангуяа ёолкны салат мэтийг ихэд анхаар.

Мэлхий

Амжилт, азгүйдэл ээлжилнэ. 1 амжилт 1 азгүйтэл гэсэн хатуу оочер дараалал бол байхгүй. Сарынхаа эхээр жаахан бүтэлгүйтэл тохионо. Найзтайгаа ам мурийх, хамт олон дотор худал муу гүтгэлэгт автах явдал гарч мэднэ. Дарга захиралд тань нэргүй матаас очвол нэг гараа нөгөө гараараа барьж, итгэл төгс байдлаар үнэнийг хэлчих. Шинэ танил чинь амьдралд чинь их нөлөө үзүүлнэ. Сарынхаа сүүлч үеэр гүтгэлгээс ангижирч, ажиллаад баймаар сайхан болно. Зөндөө сайхан сюрпризтэй учирна. Нэр хүндийн муухай хэлмэгдлийн нөхөн олговор ч авна.

Арслан

Сарын эхэнд аль болох амарсан нь дээр. Ажилдаа хэт их чармайх хооронд хүчирхэг арслан таны биед амралт хэрэгтэй болжээ. Эр арслангууд хутга мэс, машин техниктэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийлэхийг анхааруулъя. Ёолкон дээр хамаагүй их уувал архирч амьтан хүн айлгах вий. Хурим найр хийж, хайртай хүнтэйгээ гэрлэвэл аз жаргал ивээнэ. Хүнд хүчир ажил хийх сар биш хурим найр үүсгэх өдрүүд. Хамгийн гол нь архи дарсгүйгээр амарч цэнгэх учиртай. Нэгэнт хань ижлээ олчихсон хүмүүсийн хувьд бол муудалцахгүй, сэтгэлд нь сэв хийчих элдэв мессеж авахгүй, бичихгүй байхыг бодоорой.

Охин

Найз нөхөд, дотно хүмүүсээс мөнгө зээлэх, туслахыг хүсэх хэрэг гарна. Засгийн газраар бол бонд гаргавал ашигтай гэсэн үг. Гэхдээ бонд ч гэсэн эрсдэлтэйг бодно биз дээ. Аялал томилолтоор явахад нэн таатай. Гадаадад очоод авсан хувцас яг таарах жишээний. Аялж явахдаа сайн түнштэй болно. Ёолк нэг их зохихгүй. Шампанск буудуулах үед бөглөө нь Таныг онох, авъяас үзэх мэтийн зүйлд огт мэдэхгүй зүйл сугалах мэтийн эрсдэл байна.

Жинлүүр

Үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлд маш том реформ өөрчлөлт хийхэд нэн таатай байх амуй. Ханилан жаргах санал гаргавал яг бүтнэ. Биеийн хүчний ажил, цахилгаанаас болгоомжил. Индүү буудах, лаамп солих үед писхийх, тог цохих аюул байна шүү. Ялангуяа тог цахилгаан их тасарч байгаа үед бодолтой л байгаарай даа. Ажил, амьдралдаа алдаа гаргахгүйг хичээгээрэй. Сарын сүүлээр муу мэдээ, гэр бүлийн асуудал гарч мэднэ. Хайртай хүнээ бодлогогүй, болгоомжгүй үг хэлээр гомдоов оо.

Хилэнц

Хилэнцийнхэн сарын эхээр огтоос хилэнц үгүй, баяр жаргалаар дүүрэн. Ажил үйлс, амьдрал, эрүүл мэндэд таатай сайхан зүйл тохионо. Залуу хос үрийн зулай үнэрлэнэ. Шинэ оны босгон дээр амьдралд тань асар том өөрчлөлт гарна. Жинхэн хайртай учрах, аль эвсэл салж сарних мэтийн зүйл тохиох гэнэ. Ямар ч байсан анхаарлын төвд байна. Ажил бизнест бол зардал чирэгдэл, хөрөнгө оруулалтаа ихэд сайн тооцоорой. Тооны машин компьютерээрээ ахин дахин нягтлаарай. Таны дур булаам төрхөнд дайсан, өрсөлөгдчид нь чинь ч бууж өгнө.

Нум

Зуурдын шохоорхлыг үүрдийн хайр гэж андууран хөл алдах вий. Эхнэртэй, нөхөртэй бол илүү харж билүү долоох гэж байж балрав аа, зарим нь. Эрүүл мэндэд асуудал гарч мэдэх тул эрсдэлээс зайлсхийхийг хичээгээрэй. Олны дунд байхад алзахгүй. Эелдэг зан, инээмсэглэл бүхэн чинь их ашиг мөнгө цуглуулах юм байна.

Матар

12 дугаар сарын эхээр үнэтэй эд зүйл аваад хэрэггүй дээ. Авсан хойн танв баталгаа өгөхгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлэх гэх мэт бөөн зарга болно шүү. Эрсдэлтэй ажил, ёолкны арга хэмжээ аль аль нь зохимжгүй. Аливаа өдөөн хатгалга, янз бүрийн заль мэхнээс болгоомжлоорой. Амьдрал, гэр бүлдээ ч анхааралтай байгаарай. Аль болох сэтгэл санаагаар өөдрөг бай. Сарын сүүлчээр ашиг мөнгө нэмэгдэнэ. Бизнесийнхэний хувьд шинэ жилийн бэлэгтэй худалдаа мэт нь тун бүтэлтэй болно. Хайр сэтгэлийн шинэ адал явдал дампуурал болно.

Хумх

Шинэ ажил эхлэх, хуучнаа дуусгах аль алинд нь нэн сайн байх нь эхний 10 хоног. Ганц бие хүнд дурлал хайр тохиох, заяаны ханиа зам дээрээс олох мэт хувь заяа хүлээж байна. Эмэгтэйчүүд биеэ бодоорой. Эрчүүд нь бизнесийн шинэ хамтрагчтай таарна. Сарынхаа сүүлээр арилжаа наймаа хийхгүй байвал зүгээр.

Загас

Сарын эхэнд сайхан шинэ өдрүүд үргэлжилж, өнгөрсөн таагүй дурсамж арчигдана. Амар хялбар аргаар мөнгө олдохгүй, сугалаанд яасан ч хожихгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Хайртай хүн, хань ижлээ хардаж сэрдэж, хий юм зохиов доо. Сарын дунд хэсэгт ажил төрөлдөө анхаарч, зарга зальхайгаас холуур байгаарай. Мөнгө санхүүдээ бодолтой ханд. Урлаг соёлын хүмүүс бол асар их алдар нэр хүлээж байна. Хайр дурлалын хувьд идэвхтэй, ахуйн амьжиргаа дээшлэх магадлал шинэ он дөхөх тусам ихэснэ.