Нийтэлсэн: admin

Хайрлаад ч хайр даадаггүй хүн гэж байдаг юм

Дасгах гээд ч дасаж дөхдөггүй хүн гэж байдаг юм

Итгэе гээд ч итгэл хүлээдэггүй хүн гэж байдаг юм

Илүү ихийг өглөө ч сэтгэл нь ханадаггүй хүн гэж байдаг юм

Ханиллаа ч зангаа таниулдаггүй хүн гэж байдаг юм

Уйллаа ч нулимсыг чинь арчихгүй хүн гэж байдаг юм

Хичнээн мэрийлээ ч үнэлдэггүй хүн гэж байдаг юм

Учирлаж хэллээ ч үгийг чинь ойлгохгүй хүн гэж байдаг юм

Тиймээс

Залуу насаа харанхуйд битгий өнгөрөө чи жаргах ёстой хүн

Бүтэхгүй хайрлахгүй нэгэнтэй цагаа бүү үр ахиж ирдэггүй юм

Яаж ч тордож хичнээн засавч болохгүй хүн болдоггүй юм

Ямар ч тохиолдолд хичнээн өөрчлөвч бүтэхгүй юм бүтдэггүй л юм

Амьдрал урт ч гэлээ цаг хугацаа хурдан шүү санаж яв

Амсаж чадаагүй жаргалаа амсаж үз өөрийгөө л бод

Амжиж хэлээгүй үгээ бусаддаа хэл нэг л өдөр өнчирнө

Алхаж үзээгүй замаараа алхаж бай өөртөө баярлах болно

Хэтэрхий их итгэл нэг л өдөр нурхын цагт бусдад бүү гомд

Хайран хугацаагаа өөрийн болохгүй хүнд зориулсан өөртөө л гомд

Давчуу амьдралын тойрогт уйлж суухаасаа өмнө

Дэмий өнгөрөөсөн насаа тоолоод нэг үз

Бүтэхгүй бол шууд орхи бүгдийг чи бүтээх албагүй

Ойлгохгүй бол шууд хая хүнийг чи ухааруулах албагүй

Хайрлахгүй бол шууд буцаа бусдыг чи тэтгэх албагүй

Ачлахгүй бол зөнд нь үлдээ өрөөлд чи ямар ч гэмгүй

Нэг л өдөр үхэх нь үнэн бид үхэхдээ бэлдэж амьдардаггүй

Нэг л өдөр өтлөх нь үнэн бид гунигаа тоолох гэж зүтгэдэггүй

Нэг л өдөр дуусах нь үнэн бид харуусах гэж туулдаггүй

Нэг л өдөр хагацах нь үнэн бид уйлах гэж ханилдаггүй

Тиймээс л зовлонг сөрч жаргалаа эдэл

Туйлбаргүй занг хаяж итгэлээрээ жигүүрлэ

Хүсэл мөрөөдлөөрөө бага ч гэсэн амьдар

Хамгийн сүүлчийн өдөр өнөөдөр ч байж мэднэ

ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙ

О.Батболд