Нийтэлсэн: admin

Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, Сүхбаатарын талбайд 12 хоног суулт зарласан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар өөрийн биеэр хүрэлцэн ирж, тавьж буй шаардлагыг нь хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр нь шийдэхэд туслалцаа үзүүлэхээ амласан юм.

Тэрбээр хууль хяналтын байгууллагууд холбогдогч компанийн талд үйлчлэн шалгаж байна хэмээн үзэж хэргийг нийслэл рүү татаж шалгах хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон Ерөнхий сайдад хүргүүлээд байсан.

Тэгвэл өнөөдөр хариу нь иржээ. “11 дүгээр сарын 06-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгсөн өргөдлийн хариу ирж, ЕТГ-с УЕП-руу шилжүүлэх, ЗГХЭГ-аас ХЗДХ Сайдад шилжүүлээр болсон талаар албан бичгээр мэдэгдсэн байна” хэмээн нүүр номондоо бичжээ.

Мөн нөхрийнхөө талаар дурсаж бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна.

Буянжаргалын Болороо

Бардамнаж амьдрах хамгийн том шалтгаан минь халамжит сайхан хань минь байлаа.
Насаараа л энгэрт нь эрхэлж нялхраад, зөв зүйлийг нь дэмнэж, буруу зүйлээс холуур байлгаж, муудаж сайндсаар амьдрах болно оо гэж боддог байлаа.

Түүнийгээ байхад дэндүү өөртөө итгэлтэй, бардам омголон байжээ. Нүдэнд минь ямар ч гуниггүй, сэтгэл минь ямар ч зовлонгүй, зүрх минь ямар ч шархгүй байж.

Үнэхээр бодох тусам гол гогдож нулимс урсах юм. Бодохгүй байя гэж завгүй байхыг хүсэвч эд зүйл биш энэ биений минь тал нь байсан болохоор нүдэнд харагдаж, гарт минь тэмтрэгдэх шиг л болох юм.

Түүнийгээ байхгүйд буцаад л 5 настай үеийнх шигээ бүх зүйл хүний хараанд орж, эмэгтэй хүнийхээ хувьд ямар ч аз жаргал баяр баясал гэх зүйлгүй боллоо.

Гэхдээ үлдсэн амьдралд минь эрдэнэ болсон охиноо үлдээж, хайр сэтгэлийн олон нандин дурсамжийг сэтгэл зүрхэнд минь мэдрүүлээд явсан учир би азтай хүн.

Хүйтэн хөнжилд нойтон дэрэн дээр зүүдэндээ уулзаж үнэрлүүлэн тэврүүлэхийг хүлээж хэвтэх гаслант тавиланд унасан ч чинийхээ л нэрийг цэвэрлэж, охиныгоо чамаараа бахархдаг болгохын төлөө, нэрийг чинь өндөрт өргөж явуулахын төлөө хичээнэ ээ.

Надад дурсан санах эрх нь бий учраас хүчтэй бай, урагшаа хар, өнгөрснөө март гэх зэрэг үгсийг бүү хэлээрэй.