Нийтэлсэн: admin

Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүк хуудсанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн бүсгүй гэр хороололд нөхөртэйгээ хамт орон сууцнаас дутуугүй тав тухтай байшин барьсан тухайгаа зургийн хамтаар оруулж цахим найзуудтайгаа хуваалцсан юм.

Тодруулбал, бүсгүй “Бид 2018 онд хоосон газар авч өөрсдийн зурж, төсөөлж, мөрөөдөж байсан байшингаа барьсан. Энэ хичнээн аз жаргал гээч байшингийн ширхэг мод хадаас бүрийг хайрт минь өөрийн гараар барьж би ч бас өөрийн чадах чинээгээрээ гар бие оролцсон гэж бодхоор юутай сайхан. Хэдий бид нэгдсэн инженерийн шугам сүлжээгүй газар байгаа ч гэсэн орон сууцнаас дутахгүй тохитой, дулаан бас хананаасаа халуун хүйтэн усаа авч байна шүү дээ. Хамгийн мундаг нь гэрийнхээ бүх зүйлийг цахилгаан, дулаан, сантехникийг нөхөр маань зөвхөн өөрөө хийсэн явдал юм шүү дээ. Энэ л надад дэндүү бахархалтай санагдаад байгаа юм. Ирэх хавраас хашааны тохижилтоо гоё хийнэ ээ гээд л төлөвлөөд байна. Хашаагаа тохижуулаад дахиад пост оруулна аа. Үргэлж биднийгээ гэдэг аав ээжүүддээ маш их баярлалаа” хэмээн өөрийн нүүр номондоо нийтэлсэн.

Тус пост нь орсон даруйдаа олон мянган хүнд хүрч, маш олон залуус тэднээс үлгэр дуурайлал авч, бахархаж байгаагаа илэрхийлэн нүүр номондоо хуваалцаж байсан юм.

Тиймээс бид олон мянган залууст сайн жишгээр үлгэрлэсэн залуу хостой холбогдож цөөн хором ярилцлаа. Тэд Хөвсгөл аймагт амьдардаг бөгөөд өөрсдийн хүчээр амьдралаа босгож буй залуу гэр бүлүүдийн зүй ёсны төлөөлөл юм.

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-Сайн сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Золбоо гэдэг. Харин манай нөхрийг Р.Даваадорж гэдэг. Бид Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг жирийн залуу гэр бүл. Энэ жил хөөрхөн охинтой болсон. Одоо охин маань найман сар хүрч байна.

-Нөхөртэйгээ анх танилцаж байсан үеэ эргэн дурсаач?

– Бид танилцаад долоон жил өнгөрсөн байна. Анх 2013 оны хоёрдугаар сарын 14-нд гэгээн хайрын баяраар танилцаж байлаа. Бид 2-ын хувьд энэ өдрөө ихэд бэлэгшээдэг. Түүнээс хойш өдий хүртэл бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байна.

-Нүүр номондоо нийтэлсэн пост нь ийм олон хүнд хүрнэ гэж төсөөлж байв уу. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Огт бодоогүй ээ. Зүгээр л бусадтай хуваалцмаар санагдаад орой нь биччихээд өглөө үзэхэд маш их хандалт авсан байсан. Бас миний постыг харсан нэлээд хүмүүс хувийн чатаар холбогдсон. Маш олон залуучууд бидэн шиг өөрсдөө байшингаа бариад амьдрахыг хүсч мөрөөддөг юм байна лээ. Мөн бодож мөрөөдөж байгаа ч гэсэн хийж эхлээгүй байгаа, учраа хараахан олоогүй байгаа олон залуу гэр бүлүүдэд бага ч болов дэм өгсөн юм байна гэж бодоод бид маш их баяртай байгаа.

-Одооны залуус байрны урьдчилгаагаа цуглуулж, найман хувьд хамрагдаад байртай болохыг хүсдэг болсон. Харин та хоёр байрнаас дутахааргүй байшин барихыг илүүд үзсэн байна. Учир юу вэ?

-Бидний хамтын мөрөөдөл зорилго маань хамгийн том түлхэц болсон гэх үү дээ. Эртнээс л ярьж, зурж мөрөөддөг байлаа. Манай гэр бүлийн хувьд Хөвсгөл аймагт амьдардаг. Энд орон сууцнаас илүү хувийн байшинтай байх нь илүү дээр гэж үзсэн юм. Байр авах мөнгөнөөс хамаагүй бага мөнгөөр илүү том орон зай мөн эрх чөлөөг эдэлнэ шүү дээ. Гэр хороололд ч гэсэн дулаахан, тохитой байх боломжтой.

-Хэр хугацаанд барьсан бэ?

– 2018 оны зургадугаар сараас эхлээд энэ оны есдүгээр сарын 13-нд дуусгаж, байшиндаа орсон. Хугацаа ингэж удсанд мэдээж санхүү их нөлөөлсөн.

-Байшин нь хэдэн метр квадрат талбайтай вэ. Нууц биш бол хэчнээн төгрөгөөр боссон юм бол?

-Манай гэрийн нийт ашигтай талбай нь 120мкв. Нийт хөрөнгө оруулалт нь 50 орчим сая төгрөг болсон. Үүнд мэдээж дан ганц бид биш аав ээжүүдийн дэмжлэг байсан.

-Энэ мөнгө залуу гэр бүлийн хувьд бага мөнгө биш байх. Хэдэн жилийн хөлс хөдөлмөрийн үр шим бэ?

-Бид одоогоос бараг 3 жилийн өмнөөс л үндсэн зургаа зурж төлөвлөж, сэтгэлдээ багтаагаад түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, мөнгөө цуглуулж байгаад эхлүүлсэн.

-Байшингаа барьж дуусгачихаад гэртээ орох тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй сайхан байсан байх?

-Энэ бол амьдралдаа авч байсан сайхан мэдрэмжүүдийн хамгийн гайхалтай нь. Бид өөрсдөө чадах бүхнээ зориулж бүтээж босгосон юм шүү дээ гэж бодох бүрт нэг тийм сайхан мэдрэмж төрдөг дөө.

-Анх байрандаа юу юутай нүүж орж ирж байв?

-Нөхрийн маань өвөөгийн гараараа хийж, хээлсэн үе дамжсан 2 авдар, шагнуулсан зурагт бас нэг хивстэй л орсон. Харин одоо тавилгануудаа нэг нэгээр нь хийх санаатай зургийг нь гаргаж байна даа.

-Тавилгуудаа бас өөрсдөө хийх юм уу?

-Тэгнэ.

-Байшингаа барихаасаа өмнө хаана амьдардаг байсан бэ?

– Аав ээжийнхээ гэрт амьдардаг байсан.

-Танай гэр бүлийн цаашдын зорилго, хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Хамгийн ойрын зорилго бол хашаагаа тохижуулж гэрээ илүү гоё болгох. Ирээдүйн мөрөөдөл гэх юм бол хүүхдүүдэд зориулсан тоглоомын төвтэй болох. Бид 2 ажлынхаа хажуугаар аймгийнхаа төв талбай дээр хүүхдийн машин болон унадаг дугуй унуулдаг юм. Харин энэ нь зөвхөн дулааны улиралд ажилладаг үүнийгээ л улам өргөжүүлж 4 улиралд ажиллах боломжтой гэр бүл, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын төв, цэцэрлэгтэй болохыг л зорьж байна. Харин үүнд маань хамгийн том асуудал нь тоглоомын төвийн байр барих л байна даа.

-Таны бодлоор гэр бүлийн аз жаргал, утга учир юунд оршдог гэж боддог вэ?

-Гэр бүлийн хамгийн их аз жаргалыг би элэг бүтэн, эрүүл байх л гэж боддог. Мөн хосууд хоорондоо байнга ярилцаж бие биенийхээ хүсэл мөрөөдлийг сонсож, нэгнээ ойлгож дэмжиж байх нь харилцааны хамгийн том суурь нь юм уу даа.

-Үе тэнгийн залуу гэр бүлүүддээ хандаж юуг уриалмаар байна?

-Бие биенийхээ хамгийн сайн найз нь байгаарай л гэж хэлмээр байна. Хүн хамгийн сайн найздаа л бүх зүйлээ ярьж, ойлголцож, зөвлөгөө авдаг шүү дээ.

Ярилцлага бэлтгэсэн : zaluu.com