Нийтэлсэн: admin

Нурууны өвчний тухай….

Намайг нурууны хагалгаанд орсон сургаар олон хүн эмчилгээний тухай, мэс заслын тухай асуух болов. Ер нь монголчуудын дунд нурууны өвчин нийтлэг юм билээ. Би бага охиноо төрүүлэх үед “өвдөхгүй төрүүлдэг тариа” гээч юмыг нуруундаа тариулаад түүнээс хойш нуруу өвддөг болсон. 12 дахь жилдээ энэ өвчнөөр шаналж бүх эмчилгээг хийлгэж, хоёр дахь удаагаа мэс засалд орсон болохоор “нуруу өвдөлтийн доктор” хамгаалсан даа.

Охид бүсгүйчүүддээ захихад төрөхөөр өвдөж байхад чинь хэн нэгэн эмч сувилагч “Өвдөхгүй төрүүлээд өгөх үү…150,000 төгрөг” гэвэл шууд зугтаарай. Тэр тариаг тариулсан бүсгүйчүүд баргаараа нурууны өвчтэй болсон. Нурууны өвдөлт даамжирахаараа хөлний ар болон урд талаар байнга чинэрч өвддөг болно. Улмаар өвдөгний үе болон хөлийн тавхай өвдөж явж чадахаа болино. Сууж байгаад шууд босч чадахгүй гацна. Хөл дээрээ удаан зогсож чадахгүй болно. Суусан ч, боссон ч , алхсан ч өвдөөд л байна. Тэгээд хүзүү гар дагаж өвдөнө.

 

Мэдрэл дагаж өвдөөд байна л гэсэн үг. Энэ хооронд европ эмчилгээ, зүү эмчилгээ, төөнүүр, бариа засал, йог, алхалт, гүйлт, усан бассейн…бас 108 удаа сунаж мөргөх дасгал гээд юу эсийг хийхэв дээ. Эднээс арай гайгүй таарч байсан нь зүү эмчилгээ, усан бассэйн хоёр. Эхлээд алх гэсэн бол сүүлдээ алхахыг хориглох, йог гэсэн бол сүүлдээ йог хориглох…. ингээд л яваад байна. Нуруу өвдөлт даамжирсан үед мэс заслаас өөр шийдэж чадах гарцгүй л болдог юм билээ. Би 2014 онд нэг удаа, сая сарын өмнө хоёр дахь удаагаа дурангийн мэс засалд орсон. Эхнийх нь Тайландын Бумрунграндад , сая бол Сөүлийн Сеок эмнэлэгт. Эхний мэс засал амжилттай болсон ч дараагийн нуруу болохоо байсан гэсэн үг. Эхний мэс заслын дараа хоёр сар хэвтрийн дэглэм барьсан бол энэ удаа 1 сар орчим хугацаанд гам барих даалгавартай. Би байнга суудаг ажилтай, олон цаг машинаар явна, олон цаг онгоцоор ниснэ. Олон цагийн дараалсан зураг авалтанд орно. Даарна, ядарна. Иймэрхүү хүчин зүйлээс болж нурууны өвчин даамжирсаар эцэстээ хоёр гар мэдээ алдаж эхэлсэн дээ. Энэ мөчөөс өвчин тоглоом биш болж байгааг мэдэрсэн.

 

Өдөрт 4 цаг орчим ажиллаад л ажлын чадвараа алдаж хэлсэн. Өвдөхгүй юм байхгүй болсон. Сэрүүн байсан ч , унтаж байсан ч өвдөнө. Бүх бие өвдөхөөр өөр өвчин байна уу гэж шинжилгээ өгнө. За тэгээд зарим шинижлгээ худлаа гарч сэтгэл санаагаар унагана. Ингээд саяхан Сөүлийн Сеок эмнэлэгт очиж мэс засалд ороод ирлээ. Энэ эмнэлэг хотын төвд атлаа буйдхан тэгэд ч нуруу нугас, үе мөчөөр дагнасан эмнэлэг.

 

Юун түрүүнд мэс засал санал болгохгүй. Би өнгөрсөн жил очиход надад мэс засал хийхгүйгээр тариа санал болгосон ч би хүлээж аваагүй юм. Гэтэл энэ жил үг дуугүй мэс засалд орохоор болчихсон. Ийм л хурдан муудсан гэсэн үг. Үнэ мөнгөний хувьд ч боломжийн. Хоол асаргаа сайтай. Хамгийн гол нь нөхөн сэргээх эмчилгээ нь мундаг. Энд Солонгосын олны танил эрхмүүд бас ирдэг гэсэн. За тэр ч яахав. Хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодоод хаягийг нь орууллаа. Бас зураг хавсаргав. Хаяг нь Сөүл хотын метроны 3-р шугам 351-р буудал буюу Цагдаагийн эмнэлэг (Police hospital) буудлын 4-р гарцаар гараад 200 метр яваад Сеок эмнэлэг гэж байгаа. За бараг энэ хүнтэй холбогдвол хэлээд өгөх байх.. 91926090….


Жич: гэхдээ нурууны өвчин дөнгөж эхэлж байгаа бол дасгал хөдөлгөөнийг эмчийн заавраар эхлүүлээрэй. Заавал мэс засал хийтэл нь бүү өвтгөөрэй. Их хэцүү өвддөг юм шүү. Нуруу бол ёрын өвчин. Өвддөг хүмүүс мэднэ дээ