Нийтэлсэн: admin

 


Тогтсон орлогогүй ч хувиараа ажил хийдэг нэгэн залуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан спорт заал барин ашиглалтад оруулах гэж байна. Түүнийг Д.Сонинсайхан гэдэг. Тэрбээр одоогийн залуучууд компьютер, утас ширтэж, хөдөлгөөний дутагдалд орж байгаа тулд залуусыг спортод дуртай болгох, сэтгэлгээг нь өөрчлөхийн тулд ийнхүү спорт заал барихаар сэтгэл шулуудсан гэлээ. Түүний сэтгэлгээний цар хүрээ их өндөр гэдэг нь хашаанд нь байгаа барилгын шат, моторт усны тэрэг зэргээс харагдаж байлаа.

Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Өөрийн хөрөнгөөр спорт заал барьж ашиглалтад оруулж байгаа чинь их гоё санагдаж байна л даа. Өөрөө спортод их дуртай юу?

-Учиргүй дурлаад байдаггүй. Хамгийн гол нь одоогийн залуус утас, компьютер ширтээд л сэтгэлгээ нь их харанхуй бүдүүлэг болчихож. Утасны цаанаас л нэгэнтэйгээ харьцаж, нэгнээ элдвээр харааж, янз бүрийн хар бараан мэдээлэл уншаад л хэрэлдээд л нэг л бишээ. Тиймээс залуусын сэтгэлгээг өөрчлөх хамгийн зөв арга бол спорт гэж бодоод олсон хэдэн төгрөгөөрөө спорт заал барихаар сэтгэл шулуудсан. Гэхдээ тогтсон орлогогүй хүн заал барина гэдэг бол дэндүү ахадсан ажил юм байна.

-Спорт заал бол маш их хөрөнгө мөнгө зарцуулах ажил. Яагаад заавал спорт заал сонгох болов. Сэтгэлгээг өөрөөр өөрчлөх арга байгаагүй юу?

-Спортоор хичээллэсэн хүн маш гоё төлөвшсөн байдаг. Хүмүүжил нь нэг л ондоо. Тиймээс хороо, дүүргийн цаашлаад нийслэлийн хүүхэд, залуучууд спортоор хичээллээсэй гэсэндээ спорт заал сонгосон. Залуучууд энэ зааланд ирж тоглоод, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хөдөлгөөн дасгал хийж, эрүүл чийрэг амьдрахыг нь харах миний зорилго. Тиймээс ч олсон орлогоороо заал барих ажлаа эхлүүлсэн. Мөн заал барих шийдвэр гаргасан бас нэг шалтгаан нь манай хашааны сагсны шийдэнд хүүхдүүд их ирж тоглодог. Тэгэхдээ маш их хараалын үг урсгадаг. Тиймээс би хүүхдүүдэд хараал хэлвэл тоглуулахгүй гаргачихна шүү гэж хэлдэг. Хүүхдүүд мэдээж тоглох гээд хараалын үг хэлдэггүй. Үүндээ ч дасаад хараал хэлэх нь их бага болсон санагддаг. Тиймээс спортын аргаар нийгэм цэвэршиж болдог юм гэдгийг харуулах гэсэн юм. Одооны хүүхдүүд алаг мэлхий тоглож, шагай шүүрч тоглож чадахгүй байна. Заал баригдаад дуусахад нөгөө талд нь 12х12 хэмжээтэй бөхийн талбай баригдана. Эхний ээлжинд нэг давхар хийгээд дараа нь хоёр давхрыг нь барихаар төлөвлөж байна. Хоёр давхартаа шагайн наадгай, шатрын клуб нээх бодолтой байгаа.

-Заалны барилгын ажил хэдэн хувьтай байна вэ. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Барилгын ажил 80 хувьд хүрчихээд байгаа. Гэвч одоогоор мөнгө маань дууссан учир түр зогссон. Мөнгө олвол гялс үргэлжлүүлнэ ээ. Бодсон юм их байгаа. Заалныхаа халаалтыг утаагүйгээр шийднэ. Бодож, төлөвлөөд бүх тооцоо баримтаа бэлдчихсэн. Үүнийгээ л туршиж үзэх хүсэлтэй байгаа. Ер нь бол их л мөнгө ордог юм байна.

-Утаагүй гэхээр яаж халаах билээ?

-Манай заал стандарт хэмжээ буюу 24х12 хэмжээтэй. Халаалтын асуудлыг шийдэхийн тулд өөрөө гидр хийчихсэн. Гидр шахуурга нь насосны хүчээр өндөр даралт шахдаг эд юм л даа. Аюулгүй байдлаа хангаж чадах л юм бол үүнийг хэн ч хийх юм билээ. Тэгээд шахуургаа ашиглаад хэв цутгаж, регистр дарж цахилгаан халаагуур хийнэ. Гэвч үүнд 100 гаруй төмөр хэрэг болоод байгаа. Эхний ээлжид шинэ гагнуурын аппарат, нэг удаад дарах лист төмрөө авчихсан. Одоо хэвээ хийж эхлэх гэж байна. Даанч хөрөнгө мөнгөний асуудал дээр гацчихсан байгаа. Гэхдээ би дараа жил заалаа болон өөрийн байшин, ойр орчмын айлуудаа халаах цахилгаан төхөөрөмжөө бэлэн болгоно гэдэгтээ итгэлтэй байна.

-Тогтсон орлогогүй хэрнээ заал барьж байна гэхээр их сонин байна л даа. Төсвөө ер нь хаанаас бүрдүүлж байгаа вэ?

-Санаснаас их хэцүү юм байна. Үнэндээ миний чадал хүрэхгүй байна. Аль болох хэмнээд л байгаа. Заал барих материалыг нэг дампуурсан компаниас өөрийн машинаар сольж авч байсан. Цонхыг нь гэхэд л хоёр, гурван жилийн турш энд тэндээс цуглуулсан. Карказ төмөр авахын тулд хашаанд байсан цэргийн ангийн вагончикийг зарсан. Зааланд орж байгаа төмөрнүүдийг найз нөхдөөсөө гуйсан гээд л янз бүрийн аргаар л үзэж байна.

Миний хүү С.Банзрагч “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”-д эртний эдлэлийн ангид суралцаж төгссөн. Би хүүтэйгээ хамтраад 23 жил хатаасан ураар айргийн хул, цар зэргийг цогцоор нь хийсэн юм. Модны урыг Зүүнхараагаас авчраад жил гаруй хийсэн бүтээл ч бий. Тэгээд уран бүтээлчдийн дунд судалгаа хийж байж олгодог “Занабазарын одон”-гоор шагнагдсан. Мөн хүүг минь “Өгөөдэйн одон”-гоор шагнасан. Монголд уран бүтээлчдийг шагнах гээд олдохгүй байхад ийм хэмжээний уран бүтээл хийсэн хүмүүс нуугдмал байна гээд миний гэсэн бүх шавь нарыг шагнасан. Энэ Монгол туургатны шагналыг 20-иод хүнд өгсөн байдаг гэсэн. Түүний аравт нь хүү бид хоёр орсон байсан. Гэвч энэ бүтээлүүдээ заал барих гээд зарж үрээд дуусгасан.

-Ер нь өөрийн тань сэтгэлгээ их өвөрмөц юм. Заал барихад ашиглаж буй шат их содон харагдлаа?

-Заалыг хувиараа хийж байгаа учраас хүн хүч, техник маш муу. Би өөрөө мэргэжлийн бус ч гэлээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад аюулгүй байдлын асуудлаа шийдээд зүтгэж байна. Өнөөдөр шат түрээслэнэ гэдэг маш үнэтэй. Тийм зүйлд мөнгө зарцуулж байхаар гэж бодоод өөрөө чаддаг зүйлээрээ жаахан сэтгээд л мотороор дээшээ, доошоо болдог дугуйтай шат хийсэн байгаа. Гурван давхар хүртэл сунах боломжтой. Хаашаа ч зөөж байрлуулахад хялбарыг бодож дугуйтай хийсэн юм. Үүгээрээ л өрлөг шаврын ажлаа нугаллаа.

-Бас энд байгаа моторт усны тэрэг их содон юм. Өөрөө хийсэн үү?

-Газар давтагчийн моторыг ашиглаад монгол сэтгэлгээгээрээ усны тэрэг хийчихсэн. Үүнд амьжиргаа цагааны тэвш тавьчихвал тэгээд л болоод явчихна. Манай энэ хавийнхан худгаасаа нэлээд зайтай учир хөршүүдтэйгээ хамт хэрэглэх гэж сэтгэж бүтээсэн дээ.

– Ингэхэд өөрийнхөө тухай танилцуулахгүй юу. Ямар мэргэжил боловсролтой вэ?

-Би чинь зүгээр л наймдугаар ангийн боловсролтой хүн. 1988 онд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараангийн төмөр замд токарьчнаар ажилд орж байсан. Тэрнээс өмнө 1986 онд хүүхэд байхдаа автозасварын ангид токарь дээр юм хийж байгаад эрхий хуруугаа тасдаж байсан ч токарьчин болохоор шийдэж байсан. Тэгээд 1990 оны ардчилал гарснаас хойш хувиараа ажил хийсээр өнөөдрийг хүрлээ.

-Хувиараа юу хийдэг байв. Токарьчин гэхээр яг юу хийдэг юм бэ?

-Улаанбаатар хотод 10 жилийн өмнө эхнэр, хүүхэдтэйгээ чемодантай хувцастайгаа л ирж байлаа. Тэгээд л өдийг хүртэл зүтгэсээр өөрийн гэсэн хашаа байшинтай болж, одоо нийгмийн хариуцлагын хүрээнд спорт заалыг хүүхэд залуучуудад зориулан босгож байна. Ер нь токарьчин гэдгийг энгийн үгээр тайлбарлавал төмөр болон модоор токарийн машин дээр юм зорж хийхийг хэлээд байгаа юм.

Анх хотод орж ирээд л “Шар хад”-ны дизель хүрээнд уул уурхайн том техникийн мотор боодог, сэлбэг хэрэгсэл хийдэг, засварын газар хөлсөөр тохирч ажилладаг байсан. Намайг тэнд ажиллаж байхад наймдугаар ангийн боловсролтой хэрнээ хаана ингэж юм хийж сурдаг байнаа гээд их гайхдаг байсан. Би гагнуур, будаг хийнэ, мотор бооно. Өөрийн хоббигоор л энэ бүгдийг хийдэг байсан.

Цаг сайхан байхад машин тэрэг ховор үед цагдаагийн мотоцикл гэж байсан түүнийг тахир голыг нь цутгаж хийгээд, кольцийг нь зороод гилцийг нь өнгөлөөд, араа энэ тэрийг нь хүртэл бүгдийг нь зорж хийгээд л асаагаад уначихдаг байсан. Одоо нийгэмд яг ийм зүйл л дутагдаж байна. Намчирхуу болчихсон юм уу, энгийн амьдралыг ойлгохоо больчихож. Төрд зүтгэх хүмүүсийг сонгохдоо ч багаасаа эхлээд үйлдвэрийн бүх дамжлага шатлалыг даваад гарсан хүнийг сонгож баймаар байна.

Яагаад гэвэл газар тариалангийн хүн шороотой холилдож явж байж шийдвэр гаргахдаа зовлон бэрхшээлийг нь бүгдийг нь мэддэг тул бодитой шийдвэр гаргаж чадна.

Цааш үзэх

http://www.zaluu.com/read/2cd805h5c