Нийтэлсэн: admin

Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг

Хүүхэд өсгөх дүрэм, томьёо гэдэг зүйл үгүй билээ. Харин Английн Эссексийн их сургуулийн профессор Эрика Рамирез амжилттай яваа бүсгүйчүүдийн тухай судалгаа хийгээд, тэдний ард шаардлага өндөртэй, хатуу ээж нар байдгийг нотолсон байна.

Өсвөр насны охид өмссөн хувцас, гэр орны ажил, найзуудтайгаа уулзах зэргээс болж “үглүүлж”, өөр хүүхдүүдийн ээж нарт атаархах нь олонтаа. Бас ээж нарын үргэлж хэлдэг “Чи хожим нь надад талархах болно” гэх үг түүний судалгааны дагуу үнэний ортой болох нь нотлогдож байна.

Профессор Эрика Рамирез 13-14 настай охидыг сонгон, арван жилийн турш буюу тэднийг нас биед хүртэл судалгаагаа үргэлжлүүлэн, их хэмжээний мэдээлэл цуглуулж, анализ хийж үзжээ. Олон жилийн судалгааны эцэст түүний гаргасан дүгнэлт бол, хүүхдээ зөнгөөр нь өсгөдөг зөөлөн ээжүүдийг бодвол шаардлага өндөртэй хатуу ээжүүдийн гарт өссөн охид илүү амжилтад хүрч, биеэ даасан, тэвчээртэй бүсгүй болдог байна. Мөн тэрбээр нэр алдарт хүрсэн, амжилттай яваа эрэгтэй, эмэгтэй хэн бүхний ард шаардлага өндөртэй, зарчимч эцэг эх байдаг зүй тогтлыг өөр нэг судалгаагаараа олж тогтоосон юм.

Харин “хатуу, шаардлага өндөртэй ээж” гэсэн энэхүү ойлголтод хүүхдийнхээ үйлдэл бүрийг хянаж, гэртээ хорьж цагдан, бие махбодь, оюун санааны хүчирхийлэлд автуулахыг бус хүүхдэдээ ирээдүйн амьдралаа шийдвэрлэхэд нь зөвлөгөө, удирдамж өгдөг, хүүхдэдээ цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь тусалж, ирээдүйд түүнээс их зүйлийг хүсэн хүлээдэг гэдгээ ойлгуулдаг ээжийг хэлж байгаа юм. Ийм ээжүүдийн хүүхдүүд өөртөө итгэлтэй, шаргуу хөдөлмөрч болон хүмүүждэг аж. Сайн боловсрол эзэмшин, хүссэн ажилдаа орж, карьераа түргэн өсгөх чадвартай хүмүүс ихэвчлэн шаардлага өндөртэй ээжүүдтэй байдаг.

Гэхдээ эцэг эх нь хэтэрхий хатуу байх нь хүүхэд тэднээс зайгаа барьж, үнэнийг нуух, сэтгэлээ уудлахгүй байх нөхцөл байдлыг үүсгэдэг. Ялангуяа хүүхдийг айдсаар нь удирдан өсгөж хэрхэвч болохгүй. Харин нээлттэй харилцаа, эцэг эхийн анхаарал болон өндөр шаардлага зэргийн тэнцвэрийг зөв олж, хүүхэдтэйгээ харилцаж, тэдэнд өөрийгөө болон түүний ирээдүйг сайн илэрхийлж байх нь чухал юм.

Эх сурвалж: Brightside